Япон Улс дахь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв нь Япон Улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах, чиг үүрэг бүхий Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа байгууллага юм.   Бид байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган хариуцлагатай, шударга байх зарчмыг баримтлан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, Япон Улсын соёл, хөдөлмөрийн харилцааны мэдлэг түгээх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг таниулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдолыг хүлээн авч шийдвэрлэхэд чиглэсэн зохицуулалтыг хийн ажиллаж байна.   Өнөөдөр буюу 2022 оны байдлаар 2017 онд хоёр улсын Засгийн Газар хооронд үзэглэсэн “Ур чадварын дадлагажигч” санамж бичгийн дагуу 6241 иргэн, 2019 онд үзэглэсэн “Тусгай ур чадвартай ажилтан” санамж бичгийн хүрээнд 209 иргэн гэрээгээр ажиллаж байна.   Мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын Эрүүл Мэнд Хөдөлмөр Халамжийн Яам, Япон улсын Цагаачлалын алба /Immigration/, Гадаад иргэдийн Ур чадварын дадлагын байгууллага /ОТIT/, хөдөлмөр зууч, хүлээн авагч байгууллага зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Бид төрийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, хүртээмжтэй түгээж та бүхний эрх ашигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллах болно. Манай төв нь утас,факс, албан мэйл хаяг, фэйсбүүк хуудсаар давхардсан тоогоор 10000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Иргэд та бүхэн цаг үеийн хэрэгтэй мэдээлэл авч, бидэнтэй байнга харилцаатай байна гэдэгт итгэлтэй байна.
